Saturday, May 18, 2013

Гангар хун Сүхбаатар аймгийн бахархалт шувуу боллоо


Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас Гангар хун шувууг (Cygnus cygnus) тус аймгийн бахархалт шувуу болголоо. Тодруулбал: орон нутагт тусгай сонирхолын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гангар хун гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр  дулаан орноос  нүүдэллэн ирж  өндөглөөд 10 дугаар сарын  дундуур Дарьгангын Ганга болон  түүний ойролцоо нууранд 2000 гаруйгаар цугларан  чуулж байгаад буцдаг шувуу аж. Энэ жил Дарьганга суманд  шувуу ажиглах дөрвөн мөндөр цамхаг,  шувуудын гэрэлт самбарыг  төсөл хөтөлбөрийн  хөрөнгөөр  хийх бөгөөд  Хунгийн чуулгын үеэр олон улсын  наадам зохион байгуулахаар  төлөвлөөд байгаа ажээ.

Хос Гангар хун дэгдээхэйнүүдийн хамт (зургийг Б.Эрдэнэбулган)

Friday, May 17, 2013

Шувуудын талаар хэвлэгдсэн шинэхэн бүтээлүүд

Шувуу сонирхогч залуусын тоо сүүлийн үед маш хурдацтай нэмэгдэж байна. Түүнчлэн шувуу судлаач залуучууд маань сүүлийн жилүүдэд өөрсдийн бүтээлүүдээ хэвлэн гарган эхлэж байгаа бөгөөд энэхүү мэдээллээр шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны идлэг шонхор” мөн залуу шувуу судлаач, Германы Георг Августны их сургуулийн докторант Б.Гантулгын “Шувууд Монголын нэгэн гайхамшиг” зурагт ном болон залуу шувуу судлаач, Оюу толгой копаний Байгаль орчны хэлтсийн мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” зэрэг шинэхэн бүтээлүүдийг та бүхэнд танилцуулж байгаад туйлын баяртай байна.
Шувуу судлаач Доктор С.Гомбобаатарын “Монгол орны идлэг шонхор” бүтээл саяхан хэвлэгдэн олны гар дээр хүртээл болоод удаагүй байна. Энэхүү бүтээл бүхэлдээ Монгол орны идлэг шонхорын талаарх мэдээ материалыг шинжлэх ухааны баримт, зохиогчын олон жилийн нөр их судалгааны үр дүнд үндэслэн гарч буй томоохон бүтээлүүдийн нэг юм. Ийнхүү манай орны шувуу судлалын шинжлэх ухаанд нэг зүйлийн шувуун дээр хэвлэгдэн гарч буй хоёр дахь бие даасан бүтээл хэвлэгдлээ. Үндэсний бахархалт болсон идлэг шонхорын талаарх бүхий л мэдээллийг энэхүү номноос олж үзэх болно. 
Залуу шувуу судлаач Б.Гантулга "Шувууд Монголын нэгэн гайхамшиг" зурагт номдоо өөрийн авсан нийт 125 зүйлийн шувуудын үзэсгэлэнт зургууд мөн зүйл тус бүрийн талаарх мэдээллийн хамт бичигдсэн болно. Энэхүү мэдээлэлүүд нь монгол англи хэл дээр хамт бичигдсэн учир гадны шувуу болон байгаль сонирхогчид үзэх боломжтой. Монгол орны хэмжээнд түгээмэл таарах дийлэнх шувууд багтсан энэхүү ном үнэхээр шувууд бол Монголын нэгэн гайхамшиг гэдгийг таниулсан сайхан бүтээл болсон байгаа. “Шувууд Монголын нэгэн гайхамшиг” зурагт номыг Улаабаатар хотын номын болон бэлэг дурсгалын дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой болсон байгаа. 


Залуу шувуу судлаач Ц.Пүрэвсүрэнгийн “Ханбогдын шувууд” ном нь хэвлэлтнээс саяхан гарсан. Энэхүү ном нь монгол, англи хэл дээр тус бүр хэвлэгдэж байгаагаараа мөн онцлог болно. Ханбогд сумын нутагт нийтдээ сүүлийн 5 жилийн хугацаанд 200 орчим шувуу бүртгэгдсэн бөгөөд зохиогч маань өөрийн номондоо Ханбогд орчмын суурин болон нүүдлийн нийт 112 зүйлийн шувуудын фото зураг болон зүйл тус бүрийн монгол болон шинжлэх ухааны нэр, таних шинж, хүйсийн ялгаа зэргийг дэлгэрэнгүй бичсэн.

Энэхүү ном нь дунд сургуулийн сурагчид, орон нутгийн иргэд малчид, оюутан залуучуудад жигүүртэн шувуудыг таних, энэ бүс нутгаар шувуу ажиглахаар ирэх гадаад болон дотоодын жуулчид, аялагчдад зориулан хээр авч явахад зориулагдан авсаархан хэмжээтэй хэвлэгдсэн байна.



Tuesday, May 14, 2013

Монголын шувуу ажиглагчдын клубынхан энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувууны өдрийг Эко сургуулиудын сурагчидтай хамт тэмдэглэлээ

Монголын шувуу ажиглагчдын клубынхэн энэ жилийн Дэлхийн нүүдлийн шувууны өдөр (ДНШӨ)- ийг Улаанбаатар хотын Эко сургуулиуд болох 79 болон 37 дугаар сургуулиудын сурагчидтай хамт тэмдэглэлээ. 
Талархал
Өдөрлөгт маань эко сургуулийн сурагчид, багш нар, шувуу ажиглагчдын клубынхэн, UBS телевизийн 2 ажилтан, өнөөдөр сониниы сэтгүүлч, Номадик экспэдишн компанийн жолооч зэрэг нийтдээ 32 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Энэхүү өдөрлөгийг маань Nomadic Expedition компани машин болон жолоочоо гарган санхүүжүүлж дэмжсэн явдалд шувуу ажиглагчдын клубын бүх гишүүдийнхэээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж байна. Ялангуяа энэ тал дээр санал санаачлагыг гарган дэмжсэн Nomadic Expedition компанийн аялал жуулчлал хариуцсан менежер Баатараа ахдаа баярлаж байгаагаа илэрхийлье. Мөн шувуудыг таних ном, хоёр нүдний болон яндан дуран зэрэг шувуу ажиглахад шаардагдах бүхий л багажаар байнга ханган, дэмждэг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвд баярласанаа илэрхийлье. Та бүхний энэхүү дэмжлэг Монголын маань ирээдүй болсон багачуудын маань байгаль хамгаалах сэтгэлгээнд маш өндөр хувь нэмэр болж байгаа гэдгийг хэлмээр байна.
Дуран ба телескопны хэрэглээний талаарх сургалт
Энэ жил ДНШӨ маань “Нүүдлийн шувуудаа хамгаалах сүлжээг хамтдаа байгуулцгаая” уриан дор явагдаж байгаа бөгөөд нүүдлийн шувууд дайран өнгөрөх үедээ амарч хооллодог газруудаар ажиглалт хийж, тэдний нүүдлийн үедээ амарч, хооллодог газруудыг хамтдаа хамгаалах явдал олон улсын хэмжээнд чухал асуудал болоод байна.
Энэ өдөрлөгийн маань гол зорилго нь хүүхэд, багачуудад шувуу ажиглах гэж юу вэ? түүний ач холбогдол мөн ДНШӨ гэж юу вэ? энэ өдрийг яагаад олон оронд өргөн хүрээтэй тэмдэглэх болсон? мөн шувуудын нүүдлийг ажиглах зэрэг байв. Үүний тулд бид эхлээд хоёр нүдний болон яндан (телескоп) дурангийн хэрэглээ, шувуу ажиглагчдын мэдэж байх ёстой зүйлсүүд мөн бид яагаад Ногоон нуурыг нүүдлийн шувуудыг харахаар сонгов зэрэг сэдвээр сурагчдад семинар хийв.          
Бид 5 сарын 12 ны өглөө 8 цагт болзсон ёсоор 79 болон 37 дугаар сургуулиудаас багш сурагчидаа авч шууд Ногоон нуурыг зорин хөдлөсөн. Замдаа бид шувуу ажиглах хобби болон шувуудын талаар ярилцан шувуу ажиглагчдын клубын зүгээс сургуулийн сурагчдын дунд асуулт хариулт өрнүүлж, мөн сургууль тус бүрийн Байгаль орчны талаарх Эко уриануудыг ярилцав. Сурагчид шувуудын талаарх өөрсдийн мэдэж байгаа зүйлсийг бусад найз нартайгаа хуваалцсан. 
Сурагчид Ногоон нууранд ажиглалт хийж байгаа нь
Нууранд ажиглалт хийхэд телескоп бол хамгийн чухал багаж
Ногоон нуур:
Биднийг нуурандаа ирэхэд гадаа бүрхэг хэдий ч сайхан дулаахан өдөр байлаа. Нууранд өмнөх өдрүүдтэй адил олон тооны шувууд байгаагүй хэдий ч зүйлийн бүрэлдэхүүний хувьд чамлахааргүй байсан. Учир нь бидний өдөрлөгийн турш бүртгэгдсэн шувуудын маань зүйлийн тоо 30 давсан байсан. Бид нуурандаа ирж хоёр нүдний дуран болон яндан дурангийн хэрэглээний талаар сурагчидад яриа хийж, нууранд байгаа шувуудаа дурандаж, дадлага хийсэн. Хун, галуу болон нугаснуудын төрлийн хэмжээнд зайнаас хэрхэн ялгаж сурах болон бодгалийн түвшинд хэрхэн ялгаж сурах талаар сургалт хийв. Ногоон нууранд бид анхидал-3, ангир-4, зэрлэг нугас-13, ногоохон нугас-40 гаруй, отгот шунгуур-3, халтар шунгуур-3, халзан түнжүүр-2, гэзэгт нугас-60 гаруй, халбага нугас-36, зээрд нугас-30 гаруй, цагаанхөмсөг нугас-3, алаг ээтэн-2, эгэл хилэн жигүүр-6, хөх дэглий-1, хошуу галуу-4, эгэл хараалай12, азийн сүвээ цагаан-1, бор тодол-5, шөвгөн хараалж-1, нэг зүйл элсэг-25, цагаансүүлт хөгчүү-3, эгэл хайргийн хөгчүү-3, улаан хөлт хөгчүү-7, шугуйн хөгчүү-2 мөн нуур орчимд адууч болон бүжимч чогчого, дорнийн хүүрзгэнэ-2, үүрэн сүүлтзана-3, мэлзэн цэгцгий, шар цэгцгий, хөх цэгцгий-нүүд түгээмэл байв, борлог хөмрөг-5, мөн нуурын дээгүүр нүүж байсан 3 согсоот гоорбис, сохор элээ түгээмэл таарч таарсан.
Ногоон нуур-хүрэн толгойт цахлай

Сурагчид хос хун ажиглаж байгаа нь 
Хун нуур:
Бид Ногоон нуурнаас ажиглалтаа дуусгаад Хун нуур явж алсаас хос хунг ажиглав. Учир энэ хоёр хун маань энэ нууранд үрждэг бөгөөд энэ удаа өндөгөө дараад эхэлсэн байлаа. Бид хунгуудаа үргээж стрессд оруулахгүйн тулд нуурыг адсаан яндан дурангаар дурандав. Нууранд хунгаас гадна Ногоон нууранд бүртгэгдсэн отгот шунгуур, ногоохон нугас, гэзэгт нугас, зэрлэг нугас, ангир гэх мэт шувууд хамт байв. Ийнхүү бид энэ өдөр нүүдлийн 34 зүйлийн нийт 300 орчим шувуудыг ажиглаж, бүртгэлээ.      
Хос хун
Бид Хун нуурандаа ажиглалтаа дуусгаад буцан Ногоон нуурандаа ирж, энэ өдөр харсан шувуудынхаа талаарх ажиглалтаа баталгаажуулан ярилцав. Сурагчид маань Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүнээр элсэж, бүгд шувуу ажиглагчдын клубын гишүүний тэмдэгтэй болцгоов. Мөн энэ үеэр Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хоёр сургуулийн Эко клубд Монгол орны түгээмэл шувуудыг таних ном бэлэглэв.
Өдөрлөгийн төгсгөлд шувуу ажиглагчдын клубынхэн Эко сургуулийн багш нартай ярилцан цаашид шувуу ажиглах болон энэ чиглэлийн сурагчдын клубуудыг эко сургуулиуд дээр байгуулах талаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо. 
Өдөрлөгт оролцогчид
Өдөрлөгт оролцогчод:
79 дүгээр сургуулийн багш, сурагчид: Хими, биологийн багш Тунгалаг, сургачид: Д.Аравнайсүрэн, А.Барсүн, Г.Марал-Эрдэнэ, У.Мөнхцэцэг, С.Бүжинханд, Б.Хүслүүн, З.Очирхуяг, Б.Билгүүн, Б.Сүхбат, Г.Амартайван, Б.Мөнгөнчимэг, 37 дугаар сургууль, Хими-биологийн багш Эрдэнэзаяа, сурагчид: Б.Золбоо, Б.Сарангоо, М.Тэмүүлэн, Ч.Сэрээтэр, Г.Анударь, Т.Хүслэн, З.Болортуяа, С.Эрхэмбаяр, Л.Батзул, Т.Мөнхөө, О.Энхирээдүй, Г.Пүрэвбат, UBS телевизийн суравалжлагч Саруултуяа болон оператор Санчир, Өнөөдөр сонингийн сэтгүүлч Дарийжав, Nomadic Expedition компаний жолооч Хашаа ах, Монголын шувуу ажиглагчдын клубын: Амархүү, Баатархүү, Ганхуяг нар оролцов.
Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай!

Tuesday, May 7, 2013

Шувуу ажиглах хобби ба түүний ач холбогдол

Пүрэв-Очирын Ганхуяг, Гунгаагийн Амархүү

Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб
Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг (ДНШӨ) угтан та бүхэндээ 
энэхүү нийтлэлийг хүргэж байна, энэ жилийн ДНШӨ маань Нүүдлийн шувуудаа хамгаалах сүлжээг хамтдаа байгуулцгаая! УРИАН дор явагдаж байна.

Улаанбаатар хотод хэдэн зүйлийн шувуу байдаг вэ? Та мэддэг шувуудаасаа нэрлэнэ үү гэж асуувал хүн бүр л тагтаа, болжмор, хэрээ, шаазгай гэж нэрлэж эхлэх байх. Үнэндээ бол манай хотод жилийн аль ч улиралд дээрх суурин шувуудаас гадна өөр олон зүйлийн шувууд хамт амьдардаг. Бид тэднийг анзаарч ажигладаггүйд л учир байгаа юм. Хажуугаар ниссэн жижиг шувуу бүрийг болжмор, том шувууг нь тагтаа, эсвэл хэрээ гээд л бодох байх. Харин зогсоод сайтар ажиглаж чадвал өөр зүйлийн шувууд ч нисэж байдаг юм. Гэтэл гадны олон орны иргэд өөрсдийн амьдарч байгаа хотоос гадна өөр олон янзын амьдрах орчинд амьдардаг шувуудыг маш сайн мэддэг. Учир нь тэд багаасаа л байгаль орчноо таньж мэдэх ялангуяа шувуудыг ажиглаж, амралтын цагаа түүнд л зориулж, тэр нь өнөөдөр өөрсдийнх нь хобби болтлоо хөгжсөн байна. Энэ хобби маш олон талын ач холбогдолтой юм. Гэр бүлээрээ амралтын өдрөөр цэвэр агаарт гарангаа үзэсгэлэнт шувуудаа таньж, үүнээс таашаал аваад зогсохгүй, шувуудаар дамжин байгаль хамгаалах сэтгэлгээ нь улам их өсөж байдаг ба энэ нь байгаль хамгааллынхаа үүднээс их ач холбогдолтой юм. Энэ утгаараа шувуу ажиглах хоббинд багачуудаас эхлээд настан буурлууд хүртэл дурлаж, өнөөдөр бүх насны ямарч мэргэжлийн хүмүүс хошуурах болсон. Одоогоор дэлхийн олон оронд шувуу ажиглах клубууд байх ба зарим нь бүр нэг сая хүртэл гишүүнтэй байдаг. 
Шувуу ажиглагчид
 Шувуу ажиглах хобби (birdwatching) өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад манай орны иргэдийн дунд энэ чиглэлийн хобби сайн хөгжөөгүй. Өнөөдөр манай орны хэмжээнд нийтдээ 476 зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь оршин байх статусын хувьд харилцан адилгүй амьдрах орчинд байдаг. Харилцан адилгүй амьдрах орчинд байдаг учираас тэдгээрийг бөөнөөр нэг дор харах боломжгүй.
Өвөгт тогоруу
Тиймээс шувуу сонирхогчдын хувьд шувуудыг ажиглахаар байгалийн олон янзын амьдрах орчиноор аялаж шувуудыг хардаг бөгөөд энэ нь тэдгээрийн байгалийн талаарх мэдлэг болон байгальтайгаа зөв зохистой харьцах харьцааг нь хөгжүүлдэг байна. Жишээ нь ус намгархаг газар, ой, хадтай орчин эсвэл хээрт гэх мэт ялгаатай амьдрах орчинд амьдардаг шувууд тухайн газрын чухам яг хаагуур нь байршдаг талаар шувуу сонирхогчид мэдлэгтэй болох бөөгөөд энэ нь тэднийг тухайн байгальдаа зөв зохистой аялах мэдлэгийг олгодог. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шувууг харахыг хүссэн хүн хаашаа явбал тухайн шувуугаа олж харах боломжтой болон түүний амьдрах орчины талаар мэдээлэл цуглуулах шаардлагатай болно. Энэ утгаараа шувуу ажиглагчдын хобби хүмүүсийн экологийн талаарх мэдлэгийг маш хурдацтай нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг үзэсгэлэнт хун шувууг харахыг хүссэн хүн гол, нууртай газрыг зорих хэрэгтэй, түүнээс биш хун харна гэж говь руу эсвэл ой руу явахгүй нь ойлгомжтой юм.              
Эргийн шувууд
Дээр дурьдсан бүх зүйлс нь энэхүү хобби байгаль хамгааллын талаасаа ямар их ач хобогдолтой болохыг харуулж байна. Түүнчлэн гадны орнуудад шувуу ажиглагчид олон жил өөрсдийн цуглуулсан мэдээгээ өөр хоорондоо мэдээллийн бүхий л сувгуудаар байнга солилцдог бөгөөд энэ нь тухайн улс орны шувуу судлалын шинжлэх ухаанд маш үнэ цэнэтэй мэдээ баримт болдог тул энэ утгаараа шинжлэх ухааны ач холбогдолтой юм. Тодруулбал шувуу ажиглах хобби өндөр хөгжсөн гадны олон орны шувуу судлалын шинжлэх ухаан нь мэдээлэл сайтай байдаг бөгөөд хэтрүүлэн хэлбэл тэд өөрийнх нь улсад хэдэн зүйл шувуу хэдэн ширхэг байгааг бараг л тоо ширхэгээр нь хэлж чаддаг. Учир нь тухайн улсад шувуу ажиглагчид маш олон байгаатай холбоотой юм. 
Шувуудыг ажиглах маш сонирхолтой
Тиймээс энэ төрлийн хоббиг дэмжин бодлого болгож хэрэгжүүлэх нь олон талын үр өгөөжтэй бөгөөд шувуудын мэдээ баримт дутмаг байгаа манай орны хувьд шинжлэх ухаанд ч төдийгүй байгаль хамгаалал болон аялал жуулчлалын салбарт үнэ цэнэтэй юм.  
Манай улсад 1990 оноос хойш байгалийн аялал жуулчлалыг дагаад шувуу сонирхдог жуулчдын тоо өссөн. Ялангуяа 2000 он гарснаас хойш гадны жуулчдын аялалын групп дотор шувуу ажиглагчид олширсон бөгөөд энэ нь аялал жуулчлалын оператрууд өөрсдийн шувуу ажиглах маршрут болон хөтөлбөртэй болох нөхцлийг бүрдүүлэв. Үүнийг дагаад манай орны жуулчин хүлээж авдаг байгууллагуудын мэргэжлийн хөтчүүдэд шувуудын талаарх мэдлэгтэй болох шаардлагууд тавигдах болсон.
Телескоп бол нууранд буй шувуудыг ажиглахад хамгийн сайн багаж
Манай оронд шувуу судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд залуу шувуу судлаачдыг ихээр бэлтгэж байгаа ба үүнтэй зэрэгцэн шувуу ажиглагчдын клуб сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж Монгол орны шувуудын талаарх мэдлэг, мэдээллийг иргэддээ хүргэж байна. Тэд шувуу ажиглах аялал, шувууны фото зургийн уралдаан гэх мэт олон нийтийг хамарсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь шувуу болон фото зураг сонирхогч залуучуудыг энэ хоббинд татан оруулах болсон.
Хотод маань олон зүйл жижиг шувууд өвөлждөг
 Хүүхэд залуучуудын шувууны талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд юуны түрүүнд шувуу ажиглах аялал, хөтөлбөрт хамруулах нь чухал юм. Тэд тэндээс л өөрсдийн сонирхол, хүсэл тэмүүллийг олж авдаг бөгөөд энэ нь цаашлаад хобби болон хөгжих үндэс болдог байна. Учир нь хобби хүнийг хөгжүүлдэг. Шувууны аялалд оролцон шувуудын гайхамшгийг мэдэрч, өөрсдийн харах дуртай шувууг олж мэддэг. Мэдээж хүссэн хүн бүр шувуу ажиглагч болж чадна. Гагцхүү түүндээ цаг гарган, сэтгэл бас зүтгэлтэй байх хэрэгтэй. Тиймээс шувуу ажиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Клубуудыг дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Шувууны сонирхолтой аялалуудад оролцсоны дараа тэд шувуу ажиглах аялалд цаг гаргаж чаддаг болох ба ингэснээр тэд нэг л мэдэхэд шувуудын талаар сайн мэдлэгтэй болж хөгждөг.  
Монголын шувуу ажиглагчдын клуб 2008 онд Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд одоогоор 200 орчим гишүүнтэй болж өнгөрсөн 5 жилийн хугацаанд өөрийн блогсайт дээрээ гишүүдийнхээ шувууны аялал болон Монгол орныхоо шувуудын талаар нийтдээ 80 орчим мэдээллийг нийтэлсэн байна.  Шувуудад хайртай хүн бүрт манай клубын хаалга үргэлж нээлттэй байдаг. Ингээд та бүгдэд амжилт хүсье, Монголын шувуу ажиглагч, сонирхогчид маш олон болох болтугай!

Monday, April 29, 2013

Манай клубын блог руу хандсан зочидын маань тоо 20,000 давлаа

Монголын шувуу ажиглагчдын клубын блог байгуулагдсан өдрөөс хойш буюу 2008 оны 4 сараас 2013 оны 4 сарын 29-ны хооронд нийт 79 орны 20370 зочин манай блог руу хандсан үзүүлэлт гарсан байна. Клубын блог маань зөвхөн төрөлх Монгол хэл дээрээ шувуудын аялалуудынхаа талаарх мэдээг нийтэлдэг юм. Учир нь клубын эрхэм зорилго нь Монголынхоо ард иргэдийн шувуудын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тэдний шувуу ажиглах хоббиг нь хөгжүүлэх үндсэн зорилготой ажилладаг. 

Хэдий тийм боловч нийтлэл бүрт бичигдсэн шувуудын нэрсийн монгол нэрнийх нь ард латин нэрийг давхар бичдэг бөгөөд энэ нь бусад орны хүмүүсийг ойлгоход дөхөм болох учиртай. Манай клубын блогоор байнга зочилдог мөн аялалын тэмдэглэлээ нийтэлдэг бүх хүмүүстээ талархсанаа Клубынхээ нийт гишүүдийн өмнөөс илэрхийлье. Шувуунд хайртай, тэдгээрийг таньж мэдэх чин эрмэлзэлтэй хүн бүрт манай клубын хаалга үргэлж нээлттэй байдаг бөгөөд та бүхэн өөрсдийн аяласан газрын шувуудын талаарх мэдээллийг манай блог дээр нийтлүүлж болно. Бид хэн бүхэнтэй хамтран ажиллахад баяртай байх болно. Монголын шувуу ажиглагчид маш олон болох болтугай.  

Sunday, April 28, 2013

Эгэл шонхор Falco peregrinus харахаар зорьсон шувуу ажиглах аялал маань амжилттай боллоо

Тэмдэглэл, зургийг: П.Ганхуяг, Г.Амархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб

Ногоон нуур орчимд 4 сарын 27-ны өглөө Эрдэнэбулган эгэл шонхорын Falco peregrinus агнасан олзоо идэж байхтай нь таарч зургийг нь дарсан мэдээлэл FB-ээр пост хийгдсэний дагуу бид нар маргааш өглөө нь буюу 28-нд Ногоон нуур руу нүүдэл ажиглахаар явсан. Үндсэндээ гол зорилго маань эгэл шонхорыг харах байлаа. Гэрээсээ өглөө 6.30 мин орчимд хөдлөөд Сансарын ойролцоо явж байгаад 1 морин харцгай Accipiter nisus харсан. Бид нууранд өглөө 07.00 цагийн орчимд ирэхэд  гадаа дулаахан боловч үүлтэй бүрхэгдүү байсан. Бид төмөр замын гарам дээрээс хуучны адил шувуудыг дурандаж бүртгэсэн. Нууранд 1 тураг гогой Phalacrocorax carbo, 10 орчим хүрэн толгойт цахлай Larus ridibundus, 2 үхэр цахлай Larus argentatus, 40 гаруй хөх дэглий Ardea cinerea, 60 гаруй зэрлэг нугас Anas platyrhynchos, 4 хос хондон ангир Tadorna ferruginea, 2 халзан түнжүү Fulica atra, 20 орчим зээрд нугас Anas penelope, 1 эм цагаан хөмсөг нугас Anas querquedula, 50 орчим гэзэгт шумбуур Aythya fuligula,  20 орчим алаг шунгаач Bucephala clangula, 30 гаруй ногоохон нугас Anas crecca, 8 хос халбага нугас Anas clypaeta, 10 гаруй хумхин бохио Mergus merganser, 4 умардын хавтгаалж Vanellus vanellus байсан. 
 Зээрд нугас Anas penelope (зургийг Ганхуяг)
 Хондон ангир Tadorna ferruginea (зургийг Ганхуяг)
Нугаснууд ихэвчлэн нуурынхаа зүүн хэсэгт бөөгнөрсөн байдалтай байв. Харин төмөр замын гармын орчимд 4 адууч чогчого Oenanthe oenanthe, 1 мэлзэн цэгцгий Motacilla citreola, нэлээд хэдэн хөх цэгцгий Motacilla alba байв. Мэлзэн цэгцгий Motacilla citreola, халзан түнжүү Fulica atra зэрэг шувууд бол шинээр нэмэгдсэн зүйлүүд байв. Гармын дор хэсэгт дагуур огодойтой Ochotona dauurica таарч зургийг нь дарсан. Бид нуурын ажиглалтаа дуусгаад  нуураа урдуур нь тойрч зүүн хэсэг рүү явж байх зуураа годлевскийн шийхнүүхэйнүүдтэй Anthus godlewskii таарсан, ойролцоогоор 20 гаруй байсан. Бид нуурын урд хэсгээр явж байгаад Жагаа ахтайгаа (манай клубын гишүүн, дэмжигч) таарч харсан шувуудынхаа талаар ярилцав. Жагаа ах дагуур галсүүлтийн Phoenicurus auroreus зургийг маш сайхан  дарсан байв. Бид хамт цааш бургас руу орж шувуу дурандав. Бургас руу явах замд 4 сүүлцагаан хөгчүү Tringa ochropus бургасны ёроолоос ниссэн. Мөн зүүн талаас 6 тооны ямар нэгэн зүйл элсэг Calidris sp? нисэн нуурын өмнөд хэсэг рүү явсан. Маш хурдтай өнгөрсөн учир бид хэн гэдгийг нь таньж чадаагүй. Нуурын дээгүүр сохор элээ Milvus migrans 5-7 орчим тоогоор байнга эргэлдэж байв. Нуурнаас нугаснууд үргэсэн ба энэ үед нуурын баруун хойд хэсэгт идлэг шонхор Falco cherrug нэлээд өндөрт нисэж байв. Идлэг шонхор ер нь энэ орчимд байнга харагддаг ба нуурын хойд хэсэгт байх тулгуурын өндөр хүчдэлийн багана дээр зассан хон хэрээний Corvus corax үүрэнд үүрлэдэг. Гэхдээ энэ жил үүрний эзэн хон хэрээ өөрөө үүрэндээ үүрлэсэн байна. Бид бургас орчимд үүрэн сүүлт занатай Uragus sibiricus таарсан. Мөн науманны хөөндэйтэй Turdus naumanni таарч зургийг нь дарж амжсан.
 
Мэлзэн цэгцгий Motacilla citreola (зургийг Амархүү)

Науманны хөөндэйтэй Turdus naumanni (зургийг Амархүү)

Энэ орчимд бид нэг зүйлийн дууч шувуутай Phylloscopus sp? таарсан боловч энэ удаа бас сайтар харж чадаагүй ба хэн гэдгийг нь ч тодорхойлж чадалгүй алдсан. Бид энд ажиглалтаа дуусгаад буцаж машин руугаа алхсан ба энэ үед Жагаа ах гэр рүүгээ буцсан учир нь Жагаа ах өглөө бараг 5 цагийн үед нууранд ирсэн гэнэ. Бид нуурынхаа урдуур тойрч ойрхон эргэлдэх сохор элээнүүдийн зургийг дарж байх үед нэг зүйлийн шонхор маш өндөрт нисэж байхтай таарч сайтар дурандлаа. Бид үнэхээр азтай байсан. Энэ бол бидний харахаар зорин ирсэн эгэл шонхор Falco peregrinus байсан юм. 
Эгэл шонхор Falco peregrinus (зургийг Амархүү)
Эгэл шонхор маш өндөрт нисэж байсан учир сайн зураг дарна гэдэг бол үлгэрийн далай байсан хэдий боловч, бид дурангийнхаа таталтыг тултал нь өсгөж байгаад муухан хэдэн зураг дарсан боловч хэн ч харсан эгэл шонхор гэж танигдахаар болсон. Энэ зүйл шонхор нь нүүдлийн үедээ манай орны нутгаар дайран өнгөрдөг зүйл бөгөөд манайд үрждэггүй, Оросын хойд хэсгээр үрждэг, ер нь бол дэлхийн бөмбөрцгийн хойд хэсгийн хүйтэн нутгуудаар үржлийн тархалттай зүйл. Дэлхий дээр хамгийн түгээмэл шонхоруудын нэг боловч манай орны хувьд зөвхөн нүүдлийн үедээ үзэгддэг. Тиймээс энэ зүйл шонхорыг нүүдлээрээ дайран өнгөрөх үед нь харж амжина гэдэг бол том аз шүү. 
Сохор элээ Milvus migrans ба эгэл шонхор Falco peregrinus (зургийг Амархүү)
Энэ шонхор бол усны шувууд ялангуяа нугасаар хооллодог бөгөөд олзоо барихдаа гайхамшигтай шунгалтыг маш өндрөөс хийдэг бөгөөд олзоо цээжээрээ мөргөн унагаж агнадаг гайхалтай анчин шувуу юм. Бид цөөн хэдэн зураг л дарж амжсан. Эгэл шонхор 2 удаа дээгүүр өндөрт эргэлдээд баруун зүг нисэн одсон. Буцаад нуур руугаа ирж магадгүй гэж бодоод эргэж ирэхийг нь 10 орчим минут хүлээсэн боловч ирээгүй. Ийнхүү бид эгэл шонхорын хамт энэ нуураас 31 зүйлийн шувууны жагсаалттай дараагийн нуур руу хөдөлсөн. 
 Хун нуур нуур, хос хун Cygnus cygnus (зургийг Ганхуяг)

Бид цааш явж Хун нуур орсон. Нууранд хос хун Cygnus cygnus маань, Ногоон нууранд бүртгэгдсэн ижил зүйлийн нугаснуудтай хамт тайван байв. Бид Хун нууранд ойртохыг хүсээгүй учир нь энэ хос хун энэ нууранд үрждэг, тйимээс шувуудыг үргээж стрэсст оруулахыг хүсээгүй учир эндээс удалгүй холдсон. Та нар ч мөн адил Хун нууранд ажиглалт хийвэл битгий удаарай, аль болох хурдан шувуудаа дурандаад нуурыг орхин явж хунгуудыг тайван байлгах хэрэгтэй шүү. Ийнхүү бид цааш Сонгины уулс руу явсан. Сонгинд үнэндээ тийм ч олон шувуу харж чадаагүй, гол зорилго маань цэнхэр шаазгайн Cyanopica cyana зургийг дарахыг хүссэн юм. Харамсалтай нь тэр шаазгайгаа олж чадаагүйээ. Хэдий тийм боловч турлайх Corvus frugilegus, улаангүеэт хөөндэй Turdus ruficolis, алагтуу хэрээ Corvus dauuricus, дагуур галсүүлт Phoenicurus auroreus, алаг бужирга Fringilla montifringilla харж, жагсаалт маань 35 болсон. 
 Дагуур галсүүлт Phoenicurus auroreus (зургийг Амархүү)
 
 Алаг бужирга Fringilla montifringilla (зургийг Амархүү)
Өвөгт тогируу Grus virgo Ногоон нуур, Хун нуур болон Сонгины орчмоор маш түгээмэл ирсэн байна. Сонгины энгэрт байх төмөр замын хойд хэсгийн хайлаас бүхий хэсгээс эгэл заны Pyrrhula pyrrhula  дуу сонсогдсон боловч бид олж чадаагүй, учир нь биднийг очиж шалгах үед шувуу алга болсон байсан. Харин Сонгины уулсын оройгоор 2 нөмрөг тас Aegypius monachus өндөрт урд зүг рүү нисэж байв. Ийнхүү бид энэ өдрийн шувуу ажиглалтаа дуусгаад буцсан.