Tuesday, November 16, 2010

“Монгол орны түгээмэл шувуудыг таних ном" танилцуулга

Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс Монгол орны түгээмэл шувуудыг таних ном”-ыг хэвлэн уншигчдын гар дээр хүргэлээ. Манай орны иргэдийг жигүүртэн амьтдыг хамгаалах үйлст өргөнөөр татан оролцуулах, тэдний шувуудын тухай мэдлэгийг дээшлүүлэх, улмаар шувуу ажиглах хоббиг хөгжүүлэхэд зориулагдсан уг номонд байгаль хамгааллын үүднээс авч үзэхэд ховор, ховордсон болон Монгол оронд хамгийн элбэг, хаа сайгүй тааралддаг нийт 160 зүйл шувууд багтсан байна.

Номны эхний хэсэгт шувууг хэрхэн ажиглаж сурах талаар дэлгэрэнгүй зөвлөлгөөг танилцуулжээ. Мөн шувуудыг олж үзэж болох үндсэн амьдрах орчнуудын танилцуулгыг фото зургийн хамт дэлгэрэнгүй бичиж, шувуудад чухал газруудын тухай товч мэдээлэлийг газрын зургийн хамтаар оруулж өгчээ.

Энэ номыг ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн эрхлэгч, шувуу судлаач доктор Н.Цэвээнмядаг, Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич, докторант Б.Нямбаяр, магистр Ц.Мөнхзул нар бичиж, Японы алдарт зураач Такаши Танигучи өөрийн уран бүтээлээрээ сэтгэл харамгүй тусалжээ.

Түүнчлэн уг зураачийн уран бүтээлүүд Зүүн Азийн олон орны шувуу таних номонд хэрэглэгддэг байна. Энэ номыг бүтээхэд BirdLife International олон улсын байгууллагын Азийн салбар, Японы зэрлэг шувууны нийгэмлэг тусалж, байгаль хамгаалах Кейданрен сан ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна.

Номыг тун удахгүй гадуур номын дэлгүүрүүдээр худалдаалж эхлэх ба үнэ нь 15000-18000 хавьцаа байх бөгөөд олсон орлогоор манай орны ховор шувуудыг судлах, олон нийтийн дунд шувуу хамгаалах сурталчилгааны ажил явуулах, мөн Монголын шувуу ажиглагчдын клубыг санхүүжүүлэх ажилд тус тус зарцуулах юм.

Monday, November 1, 2010

Сурагчдад шувуу ажиглах тухай семинар хийв

Монголын шувуу ажиглагчдын клубын хамт олон Улаанбаатар хотын "Эрдэм төгс" дунд сургуулийн ахлах ангийн сурагчидад "Шувуу ажиглах гэж юу вэ?" сэдвээр семинар хийж, шувуудын талаар сонирхолтой зүйлсийг ярилцав. Хүүхдүүд маань семинарт маш идэвхитэй оролцсон. Бид энэхүү сургууль дээр цаашид олон сэдвээр семинар зохион байгуулж, түүнчлэн хотын болон хот орчмын шувуудаа ажиглах аялалд явцгааж, сургуулийнхаа захиргаатай хамтран сурагчдын байгаль хамгаалах болон шувуудын мэдлэгийг нь хөгжүүлэх тал дээр ажиллахаар боллоо.

Шувуудын тухай семинарт сурагчид идэвхитэй оролцов

Бидний энэ удаагийн семинар маань "Шувуу ажиглах гэж юу вэ?" гэсэн ерөнхий сэдвийн дор хийгдсэн ба үүн дотроо шувуудыг хэрхэн ангилж ялгах, тоолох, шувуудын нас, хүйсийн тухай гэх зэрэг олон дэд сэдвүүд байсан юм.
Бид семинар хийсэн өдрийнхөө маргааш өглөө нь буюу бямба гарагт Зайсангийн гүүрний ойролцоох Туулын бургасанд буй шувуудыг ажиглаж, дурандахаар шийдсэнээр бидний энэ удаагийн ээлжит семинар өндөрлөсөн юм.
Бид товлосон ёсоороо бямба гарагийнхаа өглөө 9:00 цагт сургуулийнхаа гадаа талбайд цуглацгааж Зайсангийн автобусанд сууцгаан хөдлөв. Ийнхүү бид Зайсангийн гүүрний ойролцоох Туул голын хөндийд ирэв. Шувуудаа ажиглахаасаа өмнө хүүхэд бүр шувуу ажиглахаар явахын өмнө юуг сайтар мэдэж байх ёстой тухай ярилцав.

Сурагчидтай хоёр нүдний дуран болон телескоптой хэрхэн
зөв ажиллах талаар ярилцаж буй нь

Тиймээс бид аялалынхаа өмнө эхлээд хүүхэд бүр хоёр нүдний дуран болон телескоптой хэрхэн зөв ажиллах, сууж болон нисэж буй шувуудыг хэрхэн олж харах зэрэг дурантайгаа ажиллаж сурах талаар бяцхан дадлага хийсэн. Мөн аялалын явцад шувуудаа олж харахын тулд хүүхэд бүр чимээ багатай байх мөн шувуу олж харсан тохиолдолд шувуу тодорхолох номоо хэрхэн ашиглах вэ зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг хэлэлцэв.
Бид Зайсангийн гүүрнээс зүүн зүйгт ойролцоогоор 2 км орчим аялаж, аялалын өмнө ярилцсан зүйлсээ баталгаажуулж байв.

Хөвгүүд хон хэрээ, хар хэрээ хоёрыг ялгах гэж сайтар дурандаж байгаа нь

Бид нийтдээ 12 зүйлийн шувуудыг ажиглаж, бүртгэв. Үүнд:
Улаангүеэт хөөндэй-1,
Их хөхбух- 46,
Номин хөхбух-24,
Хумхин бохио -1,
Хөхвөр тагтаа-,
Оронгийн боршувуу
Хээрийн боршувуу
Начин шонхор-1,
Хон хэрээ-15,
Хар хэрээ-6,
Улаан хушуут-2,
Алаг шаазгай-14, зэргийг дурандав.

Дээрх таарсан шувууд бол бидний эргэн тойронд байнга байдаг түгээмэл шувууд юм. Шинээр шувуу ажиглаж байгаа сонирхогчдын хувьд элбэг таардаг түгээмэл шувуудаа сайтар ажиглаж, дараа дахин таархад алдаагүй сайтар таньдаг болох нь юу юунаас илүү чухал зүйл юм. Ингэснээр бид өөрсдийнхөө дэргэдүүр өнгөрөх нүүдлийн эсвэл ховор зүйл шувуудыг дээрх шувуудаас хялбархан ялгаж, таних чадвартай болж эхэлдэг.

Энэ удаагийн шувуудын тухай семинар болон аялалд:
Мөнхзаяа багштай шилжилтийн 8-р ангийн сурагчид оролцов.
Даланбаяр, Данзанпунцаг, Дөлгөөн, Дэмүүн, Жигжидсүрэн, Мөнхтөмөр, Саранцогт, Содгэрэл

Биднйи семинарыг дэмжин сурагчидтай ажиллах цаг гарган өгсөн "Эрдэм төгс" дунд сургуулийн захиргаанд талархсанаа илэрхийлье.

Монголын шувуу ажиглагчдын клуб