Sunday, February 27, 2011

Монгол ногтруу Syrrhaptes paradoxus-ны их сүрэг

Энэ удаагийн булангаараа Та бүхэндээ Монгол ногтрууны талаар товчхон..

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дугаар сар (зургийг Н.Батсайхан)

Ногтрууныханы овгийн 2 төрлийн нийт 16 зүйл байдагаас Африкийн говь цөлийн гаралтай 14, Төв Азийн гаралтай 2 зүйл байдаг гэнэ. Syrrhaptes төрлийн 1 зүйл нь Төв Азийн хойд хэсгийн говиор, нөгөө нь Түвдийн тэгш өндөрлөгийн говиор тархан амьдардаг.

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дүгээр сар (зургийг Н.Батсайхан)

Энэ 2 зүйл хуурай газрын эрс тэс уур амьсгалтай, тухай бүрийн орчиндоо гарамгай зохицон амьдардаг гэнэ. Манай оронд тархан амьдардаг зүйлийг нь Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) гэж нэрлэдэг. Энэ зүйл шувууны гайхалтай нүүдэлүүд болон сүрэглэлтийн талаар хүмүүс олонтой ярьдаг байна.

Монгол ногтруу, Өмнөговь аймаг, Цогтцэций сум,
2010 оны 12 дугаар сар (зургийг Н.Батсайхан)

Ногтруу шувууны нүүдэл өглөөнөөс үдшийн 16 цаг хүртэл тасралтгүй нүүж байсан, мөн Алтайн өвөр говийн баруун Тооройн булагт 10-14 цагийн хооронд 30000 ногтруу ундаалаад гарав гэх мэт олон сайхан ажиглалтууд байдаг байна.
Харин дээрх нотруун сүрэг цасгүй, бараан хэсэгт таарсан мөн тэдний араас идлэг шонхорууд ангуучлан дагаж байсан байна. Нийтдээ 4 идлэг шонхор ойр орчимд нь ажиглагдсан байна. Ногтрууны иимэрхүү хуйларсан сүрэгүүд нэлээдгүй хэд тааралдсан ба ингэж хэдэн зуу мянгаараа сүрэглэх нь ховор гэж ажигласан хүмүүс ярьлаа. Paradoxus гэдэг нь ер бусын, гайхалтай гэсэн латин үгнээс гаралтай ба энэ нь ногтрууны ингэж гайхмаар сүргэлдэгттэй ч холбоотой байж болох юм.
Манай оронд энэ зүйл шувууны талаар бичсэн өгүүллэг ховор байдаг ба харин 2005 онд А.Болд, Р.Тулгат нарын бичсэн том хэмжээний өгүүллэг ШУА, Биологийн хүрээлэн, Монголын шувуу судлалын сангаас хэвлэн гаргасан Монгол орны шувуу, хоёр нутагтан, мөлхөгчид-2 бүтээл дээр хэвлэгдсэн байдаг.

Tuesday, February 15, 2011

Өмхий нуур болон Сонгины орчимд өвөлжиж буй шувуудын бүртгэл

Бид энэ удаагийнхаа шувуу ажиглах аялалаар бидний нэрлэдэгээр Өмхий нуур буюу 4-р цахилгааны станцын баруун талын цэвэршүүлэх байгууламжын усан сан болон Сонгино хайрхан уул, түүний орчмын Туул голын хэсэгт өвөлжиж буй шувуудыг харахаар зорилоо.

Аялалын замнал: Цагаан зураасаар замналыг, шар бөмбөлөгөөр хондон ангир болон зэрлэг нугас олноор байршсан газруудыг тэмдэглэв

Бид өглөө Улаанбаатар хотоос 9:30-ийн үед хөдлөж 4-р цахилгаан станцын баруун Өмхий нууранд 10:30-ийн үед ирлээ.
Энд ирээд нуурыг дурандахад нууранд нийт 50 орчим хондон ангир (Tadorna ferruginea), 4 зэрлэг нугас (Anas platyrhynchos), 10 гаруй хон хэрээ (Corvus corax), 3 улаанхушуу жунгаа (Pyrrhocorax pyrrhocorax) л харагдлаа. Нуур мана ихтэй учир бас холын юм харагдахгүй байна. Усан дотор сууж байгаа хондон ангирын нуруу цантаад цас мөс болсон харагдана. Төмөр замаас баруун тийшээ урсаж гарч байгаа гол дагууд эндээс 4 хондон ангир, 5-6 хон хэрээнээс өөр шувуу харагдахгүй байна. Бид эндээсээ 3 хэсэг болон салж Сонгины хайрхан уулын өвөр хүрэхээр болж Амархүү, Мөнгөнбагана 2 машинаа аваад хойт замаараа явав, Болормөнх, Түвдэндорж, Цэвээнмядаг ах гурав баруун тийшээ голынхоо хойт хөвөөг дагав, харин Ганхуяг, Амартүвшин, Төвшин нар Төмөр замын далангийнхаа урд талаар Туулын шугуйдаа ойрхоноор баруун тийш явж Сонгины гүүрийн орчимд уузалдахаар боллоо.

Зэрлэг нугас Anas platyrhynchos (Зургийг Н.Цэвээнмядаг)

Эгэл зана Pyrrhula pyrrhula (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хээрийн боршувуу (Passer montanus) – 60, Шоорон эвэртболжмор (Eremophila alpestris) 40, Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus) – 400+, Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes) – 30, Эгэл зана (Pyrrhula pyrrhula) – 9, Ягаан бужмар (Carpodacus roseus) - 2, Алаг шаазгай (Pica pica) – 14, Цэнхэр цанцаахай (Cyanapica cyana) – 22, Улаанхушуут жунгаа - 51, Хар хэрээ (Corvus corone) – 9, Хон хэрээ – (Corvus corax) - 46, Алаг тоншуур (Dendrocopos major) – 3, Сибирийн хайруулдай (Prunella montanella) 1, Хондон ангир (Tadorna ferruginea)- 163, Зэрлэг нугас (Anas platyrhynchos) - 157, Их хөхбух (Parus major) - 8, Номин хөхбух (Parus cyanus) - 13, Бага алаг тоншуул (Dendrocopos minor)- 1, Өрнийн тоншголжин (Sitta europae)- 2, Нөмрөг тас (Aegypus monahus)- 12, Улаангүет хөөндэй (Turdus ruficolis)- 2, Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea) – 26, Шунхан цэгцүүхэй (Acanthis hornemanni) - 3, Алаг шунгаач (Bucephala clangula)- 3, Хондлой цагаантоншуур (Dendrocopus leucotus)- 1, Бор тодол (Sturnus cineraceus) - 1 зэргийг бүртгэв. Бид нийтдээ 26 зүйлийн 1000 гаруй шувуу тоолсон.

Хондон ангир, зэрлэг нугас болон алаг шунгаач зэрэг нугаснууд үндсэндээ нуур болон Сонгины уулын хоорондох жижиг тогтоол устай хэсэгт олноор бүртгэгдсэн. Шувуудын нуруун дээр цана бууж, нуруун хэсэг бүхэлдээ мөстсөн харагдаж байсан.

Голын харзалсан хэсгээс ундаалж буй нь
Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хөлдүү жимс идэж буй Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus
(Зургийг Г.Амархүү)

Сонгино хайрхан уулын урд бэл жимсний мод олонтой учир жижиг шувууд маш олноор ялангуяа шивэр энхэтбялзуухай бусдаас тоогоор давамгай байсан. Энэ зүйл бялзуухай тэр орчимд хаа сайгүй тааралдаж, голын усны харзалсан хэсэгт ч мөн бөөн бөөнөөр цуглан ус ууцгаах нь олонтой. Бид Сонгины амралтын газрын орчимд ажиглалт хийсэн ба энэ орчимд тоншуулынхан тааралдаагүй, тэднийг бид өмхий нуураас Сонгины зүг ажиглалт хийж явах үедээ гоын сийрэгхэн бургасанд олж харж байсан. Харин сонгины амралтын газрын орчимд 20 гаруй тооны цэнхэр цанцаахай харагдсан ба тэд бөөнөөр нэг газраас нөгөө газар руу үе үе нисгээж байв. Өмнөх ажиглалтуудаар бид бор тодол шувууг энэ орчимд харж байгаагүй ба энэ удаа Амархүү өөрийнхөө аппаратанд голын эрэгт ус уухаар ирсэн тодолын зүргийг буулгаж амжсан байна.

Голын эрэгт ус уухаар ирсэн Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Биологийн хүрээлэнгийн судлаач Н.Цэвээнмядаг болон Г.Амархүү, П.Ганхуяг, П.Амартүвшин, Н.Төвшин, С.Мөнгөнбагана, Э.Болормөнх, Түдэвваанчил нар явлаа.