Tuesday, February 15, 2011

Өмхий нуур болон Сонгины орчимд өвөлжиж буй шувуудын бүртгэл

Бид энэ удаагийнхаа шувуу ажиглах аялалаар бидний нэрлэдэгээр Өмхий нуур буюу 4-р цахилгааны станцын баруун талын цэвэршүүлэх байгууламжын усан сан болон Сонгино хайрхан уул, түүний орчмын Туул голын хэсэгт өвөлжиж буй шувуудыг харахаар зорилоо.

Аялалын замнал: Цагаан зураасаар замналыг, шар бөмбөлөгөөр хондон ангир болон зэрлэг нугас олноор байршсан газруудыг тэмдэглэв

Бид өглөө Улаанбаатар хотоос 9:30-ийн үед хөдлөж 4-р цахилгаан станцын баруун Өмхий нууранд 10:30-ийн үед ирлээ.
Энд ирээд нуурыг дурандахад нууранд нийт 50 орчим хондон ангир (Tadorna ferruginea), 4 зэрлэг нугас (Anas platyrhynchos), 10 гаруй хон хэрээ (Corvus corax), 3 улаанхушуу жунгаа (Pyrrhocorax pyrrhocorax) л харагдлаа. Нуур мана ихтэй учир бас холын юм харагдахгүй байна. Усан дотор сууж байгаа хондон ангирын нуруу цантаад цас мөс болсон харагдана. Төмөр замаас баруун тийшээ урсаж гарч байгаа гол дагууд эндээс 4 хондон ангир, 5-6 хон хэрээнээс өөр шувуу харагдахгүй байна. Бид эндээсээ 3 хэсэг болон салж Сонгины хайрхан уулын өвөр хүрэхээр болж Амархүү, Мөнгөнбагана 2 машинаа аваад хойт замаараа явав, Болормөнх, Түвдэндорж, Цэвээнмядаг ах гурав баруун тийшээ голынхоо хойт хөвөөг дагав, харин Ганхуяг, Амартүвшин, Төвшин нар Төмөр замын далангийнхаа урд талаар Туулын шугуйдаа ойрхоноор баруун тийш явж Сонгины гүүрийн орчимд уузалдахаар боллоо.

Зэрлэг нугас Anas platyrhynchos (Зургийг Н.Цэвээнмядаг)

Эгэл зана Pyrrhula pyrrhula (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хээрийн боршувуу (Passer montanus) – 60, Шоорон эвэртболжмор (Eremophila alpestris) 40, Шивэр энхэтбялзуухай (Bombycilla garrulus) – 400+, Банхар булжуухай (Coccothraustes coccothraustes) – 30, Эгэл зана (Pyrrhula pyrrhula) – 9, Ягаан бужмар (Carpodacus roseus) - 2, Алаг шаазгай (Pica pica) – 14, Цэнхэр цанцаахай (Cyanapica cyana) – 22, Улаанхушуут жунгаа - 51, Хар хэрээ (Corvus corone) – 9, Хон хэрээ – (Corvus corax) - 46, Алаг тоншуур (Dendrocopos major) – 3, Сибирийн хайруулдай (Prunella montanella) 1, Хондон ангир (Tadorna ferruginea)- 163, Зэрлэг нугас (Anas platyrhynchos) - 157, Их хөхбух (Parus major) - 8, Номин хөхбух (Parus cyanus) - 13, Бага алаг тоншуул (Dendrocopos minor)- 1, Өрнийн тоншголжин (Sitta europae)- 2, Нөмрөг тас (Aegypus monahus)- 12, Улаангүет хөөндэй (Turdus ruficolis)- 2, Дөлөн цэгцүүхэй (Acanthis flammea) – 26, Шунхан цэгцүүхэй (Acanthis hornemanni) - 3, Алаг шунгаач (Bucephala clangula)- 3, Хондлой цагаантоншуур (Dendrocopus leucotus)- 1, Бор тодол (Sturnus cineraceus) - 1 зэргийг бүртгэв. Бид нийтдээ 26 зүйлийн 1000 гаруй шувуу тоолсон.

Хондон ангир, зэрлэг нугас болон алаг шунгаач зэрэг нугаснууд үндсэндээ нуур болон Сонгины уулын хоорондох жижиг тогтоол устай хэсэгт олноор бүртгэгдсэн. Шувуудын нуруун дээр цана бууж, нуруун хэсэг бүхэлдээ мөстсөн харагдаж байсан.

Голын харзалсан хэсгээс ундаалж буй нь
Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus (Зургийг Н.Цэвээнмядаг )

Хөлдүү жимс идэж буй Шивэр энхэтбялзуухай
Bombycilla garrulus
(Зургийг Г.Амархүү)

Сонгино хайрхан уулын урд бэл жимсний мод олонтой учир жижиг шувууд маш олноор ялангуяа шивэр энхэтбялзуухай бусдаас тоогоор давамгай байсан. Энэ зүйл бялзуухай тэр орчимд хаа сайгүй тааралдаж, голын усны харзалсан хэсэгт ч мөн бөөн бөөнөөр цуглан ус ууцгаах нь олонтой. Бид Сонгины амралтын газрын орчимд ажиглалт хийсэн ба энэ орчимд тоншуулынхан тааралдаагүй, тэднийг бид өмхий нуураас Сонгины зүг ажиглалт хийж явах үедээ гоын сийрэгхэн бургасанд олж харж байсан. Харин сонгины амралтын газрын орчимд 20 гаруй тооны цэнхэр цанцаахай харагдсан ба тэд бөөнөөр нэг газраас нөгөө газар руу үе үе нисгээж байв. Өмнөх ажиглалтуудаар бид бор тодол шувууг энэ орчимд харж байгаагүй ба энэ удаа Амархүү өөрийнхөө аппаратанд голын эрэгт ус уухаар ирсэн тодолын зүргийг буулгаж амжсан байна.

Голын эрэгт ус уухаар ирсэн Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Бор тодол Sturnus cineraceus (Зургийг Г.Амархүү)

Энэ удаагийн шувууны ажиглалтанд: Биологийн хүрээлэнгийн судлаач Н.Цэвээнмядаг болон Г.Амархүү, П.Ганхуяг, П.Амартүвшин, Н.Төвшин, С.Мөнгөнбагана, Э.Болормөнх, Түдэвваанчил нар явлаа.

4 comments:

  1. Sain baina uu,
    Todoliin zuragaa tavikh bolomj baina uu?
    Nyamba

    ReplyDelete
  2. Za, bolnooo Amarkhuu, ..Goliin eregt us uukh geed irsen Bor todoliig muukhan darsan bgaa, odo bairluulchikhiya

    ReplyDelete
  3. Ямар гоё сайт бээ,, ийм хөөрхөн шувууд харжийгаагүйм бн

    ReplyDelete
  4. Ямар хөөрхөн сайт вэ.Ахаа өшөө гоё гоё бичлэг тавиад шинэчлэл хийгээрэй.таньд ажлын өндөр амжилт хүсье.

    ReplyDelete