Monday, December 24, 2012

Шинэ жилийн мэнд хүргэе-Happy New Year!

Та бүхэндээ ирж буй оноо сайхан угтахыг хүсэн ёрөөе! Good birding for 2013
Энэ клип таалагдах байх гэж найдаж байна.

BBC Learning - Breathing Places: Cute Animal Christmas Song
Uploaded by hourigan. - Explore other animal videos.

Thursday, December 20, 2012

МОНГОЛЫН ШУВУУ СОНИРХОГЧ ЗАЛУУСЫН АНХДУГААР УУЛЗАЛТ



Нийтлэл бичсэн: П.Ганхуяг, Д.Батмөнх

Монголын шувуу сонирхогч залуусын анхдугаар уулзалт 2012 оны 12 дугаар сарын 15 ны өдөр Улаанбаатар хотод Sweet cafe-д боллоо. Уулзалт шувуу сонирхогч гишүүдийнхээ бүрэн дэмжлэгийг авсны үндсэн дээр амжилттай болж өнгөрлөө. Юуны түрүүн Монголын шувуу ажиглагчдын клубыг үүсгэн байгуулагч, манай улсын шувуу сонирхогчдын хөдөлгөөнийг дэмжиж санхүү болон арга зүйгээр байнга туслан ажиллаж байдаг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс энэхүү анхны уулзалтын үйл ажиллагааг дэмжиж уулзалт болох газрын түрээсийн зардалыг гаргасанд нийт гишүүдийнхээ өмнөөс талархасанаа илэрхийлье. 
Уулзалт 4 цагийн турш маш халуун яриа өрнөсөн, их ажил хэрэгч уулзалт болж бэлдсэн хөтөлбөрийн дагуу амжилттай явагдлаа. Нийтдээ 36 хүн цуглаж уулзалтын эхэнд бүгд өөрсдийгөө дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтанд мэргэжлийн шувуу судлаачид, шувуу сонирхогчид, мэргэжлийн болон сонирхогч фото зурагчид, аялал жуулчлалын хөтөч, менежерүүд мөн оюутнууд гээд олон төрлийн мэргэжилтэй хүмүүс цуглалаа.
 Шувуу сонирхогчдын анхдугаар уулзалтад оролцогсод

Уулзалтын үеэр олон шувуу сонирхогч залуучууд цуглаж манай улсад хөгжиж байгаа шувуу ажиглах хоббины (birdwatching) талаар өөрсдийн үзэл бодлоо хуваалцаж, цаашдийн хамтын ажиллагаа, Монгол дахь шувуу ажиглах аялалыг хэрхэн хөгжүүлэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр яриа өрнүүллээ.
Уулзалтын хөтөлбөрийн дагуу Монголын шувуу ажиглагчдын клубын зохицуулагч П.Ганхуяг “Шувуу ажиглах гэж юу вэ” сэдвээр илтгэл тавьж, түүний дараагаар Монголын шувуу судлалын нийгэмлэгийн гишүүн Д.Батмөнх шувуу сонирхогч залуусын цаашдын хамтын үйл ажиллагаа, шувуу сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2013 онд “Өндөр жил - Big year” шувуу сонирхогчдын уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулах зэрэг сонирхолтой сэдвүүдээр хэлэлцүүлэг хийв. Энэхүү хэлэлцүүлэгт гишүүд маань маш идэвхитэй оролцож өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй солилцсон. Мөн клубын гишүүд өөрсдийн бэлдсэн бичлэг болох Т.Оюунгэрэл “Сойр шувуу”-ны, Л.Ариунзул “Начин шонхор”-ын талаарх сонирхотой бичлэгийг үзүүлсэн нь уулзалтыг улам сонирхолтой болгосон.
Мөн Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв болон Монголын шувуу ажиглагчдын клубээс хамтран жил бүр уламжлал болгон зохиогддог Монгол орны шувууны фото зургийн уралдааны 2012 оны шилдэгээр шалгарсан зургуудын эздэд шагнал гардуулах үйл ажиллагаа эхлэж, уралдааны ерөнхий шүүгчээр ажилласан Х.Түмэндэлгэр ах уралдааны шүүлтийн явц болон шалгарсан зургуудын талаар гишүүдэд танилцуулав. Дашрамд дурдахад Х.Түмэндэлгэр ах маань энэхүү уралдааны анхны тэргүүн байрыг 2009 онд Алтайн хойлогын зургаараа авч байсан юм. Энэ жилийн уралдааны тэргүүн байранд Оюу толгойн амьтан судлаач Ц.Пүрэвсүрэнгийн авсан Жороо тоодог болон Реликт цахлайн зургууд дараалан тэргүүн болон дэд байр эзлэв. Гуравдугаар байранд Б.Баярын нисэж буй хос Цэн тогорууны зураг, тусгай байранд Т.Хүрэлбаатарын үүрэндээ өндөгөө дарж буй Гангар хунгийн зураг тус тус орлоо. Эдгээр нөхдөдөө шувуу сонирхогч бүх хүмүүсийн өмнөөс дахин баяр хүргье. Шагнал гардуулах үеэр зөвхөн Ц.Пүрэвсүрэн байсан бөгөөд Б.Баяр, Т.Хүрэлбаатар нар чухал ажилтай байсан тул хүрэлцэн ирж чадсангүй. Шагналыг жич гардуулах болно. 
 Монголын шувууны фото зургийн уралдааны тэргүүн болон дэд байрын эзэн Ц.Пүрэвсүрэн

Мөн уралдаанд ирсэн бүх зурагнуудаас сонгон авсан шилдэг 20 зураг, мөн зурагчин У.Ганбаяр болон Л.Жаргалсайхан нарын авсан нийт 18 зураг гээд нийт 40 орчим шувуудын зураг бүхий үзэсгэлэн гарсан нь хүрэлцэн ирсэн хүмүүст барьсан томоохон гэнэтийн бэлэг болж уулзалтыг чимсэн юм. Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэнг гаргахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн шилдэг 20 зургийг мэргэжилийн студид угаалгах, жаазлах зардалыг хувиасаа гаргаж хандивласан Жаргалсайхан ахдаа гүн талархаж байгаагаа нийт гишүүдийнхээ өмнөөс илэрхийлье.
Уулзалтын төгсгөлд нийт оролцогчдын дунд “Шувуудын нэрсийг Монгол нэршлээр нь хэн сайн, алдаагүй нэрлэж чалах вэ” сэдэвт тэмцээн болсон бөгөөд тэмцээн маань ирсэн бүх гишүүдийг хамарч маш өрсөлдөөнтэй болж, тэмцээнд Г.Амархүү түрүүлж, удаахь байрыг Т.Оюунаа эзэлсэн. Энэхүү уралдааны 1 болон 2 дугаар байрны эздэд Н.Гансүх ах маань өөрийн зүгээс 1 дүгээр байранд орсон хүнд “Дэлхийн шувууд” нэртэй ном, 2 дугаар байрны эзэнд “Шувуудыг дуугаар нь хэрхэн таних вэ?” сэдэвт DVD-ийг бэлэглэв. Энэ уралдааны шагналын санг хувиасаа гаргаж залуучуудынхаа урамыг сэргээж, дэмжсэн Н.Гансүх ахдаа баярласан талархсанаа илэрхийлж байна.

 Шувуудын нэрсийг Монгол нэршлээр хэлэх тэмцээний тэргүүн байрны шагналт Г.Амархүү, Т.Оюунаа, болон уг тэмцээний шагналыг хувиасаа гарган санхүүжүүлсэн  Н.Гансүх нар
 
Уулзалтад ирсэн хүмүүс энэ уулзалтаа цаашид жилд 1-2 удаа буюу хавар, намартаа зохион байгуулж болох талаар ярилцаж, энэ талаар өөрсдийн санаа бодлыг Facebook группээрээ хэлэлцхээр болсон. Мөн уулзалтын үеэр клубын үйл ажиллагааг өргөжүүлэх, тогтмолжуулах, логог шинэчлэх, шувууны аялалыг зохион байгуулах, гишүүнчлэлтэй болох, олон нийтэд ажлаа хүргэх гээд олон чухал асуудлууд хөндөгдөв. Мөн шувууны фото зургийн уралдаантай холбогдуулаад ирэх жилээс ховор шувууны зургийн номинацийг тусгайлан гаргах нь зүйтэй гэсэн санал гарч дэмжигдэв.
Н.Гансүх ах уулзалтын үр дүнг “Пуужин хөөртлөө түлшнийхээ 80%-ийг зарцуулаад, цааш нь 20%-аараа амархаан явчихдаг юм гэнэ лээ. Шувуу сонирхогчдын пуужин хөөрлөө” хэмээн үнэлэсэн сэтгэлээ клубын facebook дээр бичсэн нь уулзалтын үр дүнг базан хэлсэн үг гэж бодож байна. Эцэслэж хэлэхэд бараг түүхэн уулзалт гэж хэлж болохуйц Монголын шувуу сонирхогч залуусын анхдугаар уулзалтанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ дахин баярласан талархсанаа илэрхийлж, та бүгдийнхээ цаашдын үйл ажилд өндөрөөс өндөр амжилт хүсье.

Монголын шувуу сонирхогч залуус маш олон болох болтугай!

“БАГАЧУУД БА ШУВУУД” сэдэвт өдөрлөг амжилттай болов

Нийтлэл бичсэн П.Ганхуяг, Г.Амархүү, Монголын шувуу ажиглагчдын клуб

2012 оны 2 сард зохион байгуулагдсан “БАГАЧУУД БА ШУВУУД” сэдэвт өдөрлөгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна
Монголын шувуу ажиглагчдын клубын үйл ажиллагааны талаар товчхон
Өнөөдөр дэлхий дээр сая сая хүмүүс шувуу ажиглахыг амралтаа зөв боловсон өнгөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бөгөөд энэ чиглэл жилээс жилд улам бүр эрчимтэй хөгжсөөр байна. Хүмүүс байгальд хөнөөлгүй, эрүүл мэндэд тустай энэхүү хоббид татагдан орсоор байгаа ба шувуу ажиглана гэдэг байгаль хамгаалах практикт нэвтэрсэн үр дүнтэй нэгэн арга болжээ.
Тиймээс Монголынхоо иргэдийн дунд шувуудын мэдлэгийг нь дээшлүүлэх, шувуудын ач холбогдлыг таниулах, шувуу сонирхогчдын тоог нэмэгдүүлэх үүднээс Монголын Зэрлэг Амьтан Судлах Хамгаалах Төвийн дэмжлэгтэйгээр 2007 оны намар Монголын Шувуу Ажиглагчдын Клуб (Bird Watching Club of Mongolia) байгуулагдсан. Манай Клуб байгальдаа хайртай, шувуудаа таньж мэдэх сонирхолтой, амралтын өдрүүдээ зөв боловсон өнгөрүүлэх эрмэлзэлтэй хүмүүст үргэлж нээлттэй байдаг.
Бид одоогоор 150 гаруй гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 70 орчим шувуу ажиглах аялалуудыг хот дотор болон хотын ойролцоо зохион байгуулсан. Эдгээр аялалынхаа талаарх мэдээллийг Клубынхээ веб сайт (http://mongolbirdwatchclub.blogspot.com/) дээр байрлуулж бусад гишүүддээ yahoogroup – ээрээ мэдээлж ажилладаг. Мөн Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвтэй хамтран Монгол орны жигүүртэн амьтдын фото зургийн уралдааныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын дунд сургуулийн сурагчдад шувуу болон байгаль хамгаалах асуудалтай холбоотой семинаруудыг хийж эхлээд байна.
Бид дунд сургуулийн сурагчдад зориулан "Х
vрээлэн буй орчин ба шувууд", "Шувуудаа таньж мэдэхийн ач холбогдол", "Шувуу хэрхэн ажиглах вэ?" “Бяцхан найзууддаа үүр хийж өгцгөөе” зэрэг сэдвvvдээр илтгэл, семинар хийж байна. Мөн “Багачууд ба шувууд” сэдэвт өдөрлөгийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ тал дээр байгаль хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус бүх л байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна. IMG_8284res
 IMG_8284res 

 “БАГАЧУУД БА ШУВУУД”
Энэхүү өдөрлөгөө бид Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээнд оролцогсод Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн авах боломжтой болж байгаа.
Өдөрлөгийн зорилго: Монголынхоо хүүхэд, залуучуудад шувуудын тухай мэдлэгийг олгох, шувуу сонирхох хоббиг нь хөгжүүлэх Шувуудын тухай мэдлэгийг хүүхэд багачуудад олгох асуудлыг гадаа байгаль дээр зохион байгуулахаас гадна тэнхимд олгох асуудал түгээмэл байдаг. Ялангуяа манай өдөрлөг монгол орныхоо шувуудын чихмэлээр баялаг тэнхимд зохион байгуулагдсан нь улам бүр үр дүнтэй болсон гэж бид үзэж байгаа. Өдөрлөгийг МУИС-ийн Экологийн боловсролын төвийн Музейн тэнхимд зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт 7 –н сургуулийн (78 дугаар дунд сургууль, Оюунлаг дунд, 2 дугаар дунд сургууль, 28 дугаар дунд сургууль, Байгаль эх лицей, Эрдэм төгс, 57 дугаар дунд сургууль) нийт 38 сурагчид хамрагдсан. Өдөрлөг маань баасан гарагт буюу ажлын өдөртэй давхацсан учир зарим сургуулийн багш нар бүрэн гүйцэд хамрагдаж чадаагүй. Хэдий тийм боловч өдөрлөг хөтөлбөрийнхөө дагуу амжилттай болж өндөрлөлөө.
 
Хөтөлбөр ёсоор өглөө 9 цагт үйл ажиллагаа маань хүрэлцэн ирсэн сурагчдыг бүртгэх ажлаар эхэлсэн. Багш нартай ярилцсан байсан учир өдөрлөгт оролцохоор ирсэн бүх сурагчид клубын гишүүн болж, клубын гишүүний энгэрийн тэмдэг болон танилцуулгатай хамт гардан авч бүгд Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүд болцгоов. Ингэснээр тэд манай клубын веб сайтаар орж мэдээлэл үзэж, мөн гишүүдийн yahoogroup-ээр е-майл хүлээн авч шувууны аялалуудад оролцох боломжтой болж байна.
Бүртгэл дуусч хөтөлбөр маань албан ёсоор 10:00 цагт Монголын шувуу ажиглагчдын клубын зохицуулагч П.Ганхуяг үг хэлж, арга хэмжээг нээснээр эхлэв.

“Монголд шувуу ажиглах хобби хэрхэн хөгжиж байгаа талаарх илтгэлүүд ”
Өдөрлөгийн нээлтийн дараагаар Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн судлаач, Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Г.Амархүү клубын үйл ажиллагаа болон шувуу ажиглах талаар сурагчидад сонирхолтой илтгэл тавив.

“Өдөрлөгийн турш байгаль хамгаалал болон шувуу ажиглах талаар сонирхолтой илтгэлүүд тавигдсан”
Өдөрлөгт Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Сэлэнгээ эгч маань оролцож, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Монголд хэрэгжүүлж буй байгаль хамгааллын олон ажилуудаасаа танилцууллаа. Мөн Германы шувуу сонирхогч Andreas Buchheim World birding сэдвээр илтгэл тавьж шувуудын талаарх маш сонирхолтой зүйлсийг ярив.

“Дуранг хэрхэн зөв, үр дүнтэй эзэмшдэг болох вэ сургалт”
Дуран бол шувуу сонирхогч төдийгүй хүн бүрийн хэрэглэж сурах ёстой чухал багажнуудын нэг юм. Дурангүйгээр шувуу ажиглана гэж ойлголт байхгүй. Өдөрлөгийн бас нэг онцлог зүйл нь дуранг хэрхэн зөв үр дүнтэй ашиглаж  сурах талаар багачуудад зориулсан сургалт байсан. Тиймээс бид бүхэн багачууддаа хоёр нүдний болон яндан дуранг (telescope) –ын хэрэглээ, бүтцийн талаар сургалт хийж, тэдгээрийг хэрхэн зөв ашиглах талаар танилцуулсан.
“Өдөрлөгт оролцож буй сургуулиуд дээр шувуу ажиглах сурагчдын клубууд байгуулагдахаар боллоо”
Өдөрлөгт ороцож буй сургуулиуд дээр шувуу ажиглах сурагчдын клубуудыг байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг нь тодорхойлж цаашид хамтран идэвхитэй ажиллах гэх зэрэг асуудлууд байв. Тиймээс бид багш нар болон сурагчидтай хамтран энэ талаар уулзалт зохион байгуулсан бөгөөд багш, сурагчид дэмжин өөр өөрсдийн сургуулиуд дээр шувуу ажиглагчдын клуб байгуулахаар шийдэж, Монголын шувуу ажиглагчдын клубын хамт олныг сургуулиуд дээрээ урьж клуб байгуулах өдрийг тохиролцов.   

“Сурагчид шувуудын тухай танин мэдэхүйн хөгжөөнт тоглоомнуудад идэвхитэй оролцсон”
“Хэн олон шувууны нэр мэддэг вэ” болон “хэн олон шувуу харж чадсан бэ” зэрэг танин мэдэхүйн хөгжөөнт тоглоомнууд явагдаж, түрүүлсэн сурагчидад Монгол орны түгээмэл шувуудыг таних ном бэлэглэв. Дурангийн хэрэглээний талаарх сургалтаа энэхүү хөгжөөнт тоглоомуудыг ашиглан үр дүнг нь шалгасан. Өөрөөр хэлбэл оролцогчидод нэг нэг дуран өгч цэцэрлэгийн хашаан доторх моднууд дээр байрлуулсан чихмэл шувуудыг олох тоглоомыг тоглуулсан ба энэ үеэр хүүхдүүд маань тэнхимд дурангийн талаар олж авсан мэдлэгээ баталгаажуулж байв.

“Музейн амьтдын чихмэл цуглуулгатай танилцав”
Экологийн боловсролын төвийн музейн тэнхимд амьтдын талаар олон сонирхолтой чихмэлийн цуглуулга байдаг. Эдгээр цуглуулгын талаар Экологийн боловсролын төвийн багш Буянхишиг танилцууллаа. Мөн шувуудын чихмэлийн талаар Монголын шувуу ажиглагчдын клубын гишүүн Болормөнх сурагчидад дэлгэрэнгүй танилцуулж, хотод өвөлждөг олон зүйл шувуудыг мэддэг болов.   

“Монгол орны шувуудын фото зургийн үзэсгэлэн – 2011 болон байгаль хамгааллын чиглэлээр багачуудад зориулсан хэвлэгдсэн бүтээлүүдийн тухай”
Өдөрлөгийн турш Монгол орны шувуудын фото зургийн үзэсгэлэн гарсан ба мөн энэ үеэр Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас багачуудад зориулан гаргасан байгаль хамгааллын гарын авлага болон бусад бүтээлүүдийг сургууль бүрт хувиарлан тараав.  Мөн монгол орны шувуудын талаар хэвлэгдсэн номын худалдаа өрнөв.

“Шувууны аялалуудын тухай ханын самбарууд”
Өдөрлөгт Монголын шувуу ажиглагчдын клуб болон МУИС-ийн Экологи-эрдэм зэрэг клубуудын шувууны аялалуудын талаарх сонирхолтой ханын самбарууд тавигдсан нь багачуудын шувууны аялалд оролцох сонирхолыг идэвхижүүлсэн. 

“Монгол орны шувууны фото зургийн уралдаан – 2011 эзэд шалгарав”
Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клубын хамтран зохион байгуулсан 2011 оны Монголын шувууны фото зургийн уралдаан амжилттай өндөрлөж байна. Монголын ард иргэдийг байгаль хамгаалах, түүний дотроос жигүүртэн амьтдыг хамгаалах үйлсэд татан оролцуулах, иргэдийн дунд шувуу ажиглах сонирхолыг хөхүүлэн дэмжих, жигүүртэн амьтдын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой байв.
Энэ жилийн уралдаанд 4 орны (Монгол, Герман, АНУ, Финланд) 17 оролцогсод нийт 52 зүйлийн 67 фото зураг ирүүллээ. Оролцсон хүмүүсийн дунд аялал жуулчлалын хөтөч, дөнгөж эхэлж байгаа шувуу ажиглагчдаас эхлээд мэргэжлийн шувуу судлаачид, их дээд сургуулийн оюутнууд зэрэг төрөл бүрийн мэргэжилийн хүмүүс байлаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг зургийн чанар болон тухайн зүйлийн ховор нандин байдал зэргийг харгалзан байр эзлүүлэв.
2011 оны Монголын шувууны фото зургийн уралдааны тэргүүн байрыг шувуу ажиглагч Д.Гансүх Хэнтий аймгийн Биндэрт дарсан Цагаан тогорууныхаа  зургаараа эзэллээ.
Хоёрдугаар байрыг Герман улсын шувуу судлаач Martin Grimm эзлэв. Тэрбээр Дорнод аймгийн Халх гол суманд аялаж явахдаа Амарын шонхорын хооллож буй зургийг тун сайхан авчээ.
Гуравдугаар байрыг Залуу шувуу сонирхогч Э.Болормөнх эзлэв. Тэрээр цасч дэглээн зургийг сайхан авсан байна.
Уралдааны тусгай шагналыг Германы шувуу сонирхогч Mathias Putze Дорнод аймгийн Буйр нуурт дарсан шартүрүүт элсэгийн зургаараа эзэллээ.
Уралдааны 2 дахь тусгай шагналыг Н.Батсайхан авав. Батсайхан багш бол Монголын өмнөд говиор олон жил судалгаа хийсэн туршлагатай хүн билээ. Батсайхан багшийн дарсан хулан жорооны зураг говиос орж ирсэн шувуудын гайхалтай зүрагнуудын нэг болж тусгай байр эзлэв.  
Уралдаанд шалгарсан хүмүүст дараах шагналыг гардуулав:
1 байр: Гэрчилгээ, Марк Бразилын “Зүүн Азийн шувуудыг таних ном: Зүүн Хятад, Тайван, Солонгос, Япон, Зүүн Орос” гэсэн алдартай ном, мөн “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
2 байр: Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
3 байр Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд” ном.
Тусгай шагнал: Гэрчилгээ, “Монгол орны шувуудад чухал газрууд”, “National Geographic Шувуу ажиглахын үндэс” номууд.
Түүнчлэн дээрх шалгарсан хүн бүр саяхан Монгол хэл дээр хэвлэгдэж гарсан Н.Цэвээнмядаг, Б.Нямбаяр, Ц.Мөнхзул нарын “Монгол орны түгээмэл шувуудыг таних ном” тус бүр нэмж авах боллоо.
Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх лникнээс үзнэ үү.

 “Экологийн боловсролын төвийн цэцгийн хүлэмжтэй танилцав”
Өдөрлөгийн төгсгөлд сурагчид Экологийн боловсролын төвийн цэцгийн хүлэмжтэй танилцаж, Буянхишиг багшаас олон сонирхолтой зүйлсийг мэдэв.
Ийнхүү өдөрлөг маань амжилттай өндөрлөлөө.


Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан болон дэмжиж оролцсон доорх байгууллага, хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.
Монголын шувуу ажиглагчдын клубын хамт олон
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн хамт олон
МУИС-ийн Экологийн боловсролын төвийн хамт олон
Дэлхийн байгаль хамгаалах санг (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон
Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийн хамт олон
МУИС-ийн Экологи - эрдэм клуб

Монголын шувуу сонирхогчид маш олон болох болтугай!