Wednesday, April 17, 2013

Дорноговь аймгийн Өргөн сумын Шувуун хөөвөр рүү хийсэн шувуу ажиглах аяллын тэмдэглэл

Тэмдэглэл бичсэн Ү.Төвшин (Шувуу ажиглагч), 2013 оны 4 дүгээр сарын 12-15

Шувуудын нүүдэл эхэлсэнтэй холбогдуулан говийн уст цэгийг дайран өнгөрч буй шувуудыг ажиглах зорилгоор Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт орших Шувуун хөөвөр булаг руу аялаад ирлээ.  
 Галт тэргэнд
 Нуур руу алхацгаав
 
Бид 4-р сарын 12-ны 16:30 цагт Улаанбаатар өртөөнөөс Замын-Үүд чиглэлийн галт тэргэнд суун маргааш буюу 13-ны өглөө 3:25 цагт Дорноговь аймгийн Өргөн суманд буусан. Өргөн сумын өртөөн дээр буугаад хойд зүгт орших булгаа чиглэн 1 цаг орчим алхаад нэгэн даланг нөмөрлөн майхнаа барин хоносон. Алхах замд жижиг нуур байсан ба Хондон ангирын (Tadorna ferruginea) дууг сонссон. хон хэрээ, хар хэрээ, оронгийн боршувуу, хээрийн боршувуу, хөхвөр тагтаа, улаанхушуут жунгаа зэрэг шувуудыг харсан. Өглөө нь 10 цагт босон ажиглалтаа хийсэн ба Цөлийн чогчиго(Oenanthe deserti) 2, Шоорон эвэртболжмор (Eremophila alpestris) 10-ыг харсан.
Бүжимч чогчиго (Oenanthe isabellina)
Цөлийн чогчиго(Oenanthe deserti)
Сумын төвийн орон сууцны бохир усыг хуримтлуулдаг усан санд 1 хөх цэгцгий (Motacilla alba), 1 эм зэрлэг нугас (Anas platyrhynchos) харав. 11 цагт булаг руугаа алхсан. Булаг орох замд 1 Хималайн хажир (Gyps himalayensis), 2 Нөмрөг тас (Aegypius monachus) харсан ба нэг нь цагаан өнгийн далавчны тэмдэгтэй байв.  

Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus)
Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) хосоороо болон хэд хэдээрээ нисэн өнгөрч байв. 16:00 цагийн үед булаг дээр ирэхэд хос Хондон ангир л ажигласан. Энэхүү булаг нь хэсэг газраа нуур болон тогтдог бөгөөд тэр нь хайлаагүй мөстэй байв. Булгийн ойролцоо худаг байх ба Цөлийн чогчиго 2, хос Бүжимч чогчиго (Oenanthe isabellina)  харав. Мөн 1 үхэр цахлай (Larus mongolicus) нисэж байв. Булгаас ундаалж буй 6 Цагаан зээртэй (Procapra gutturosa) таарсан. Бид булгийн ойролцоо жалганд майхнаа барин хоноглосон. Маргааш өглөө нь  буюуу 14-нд дахин булаг руу явж ажиглатаа үргэлжлүүлсэн. 1 эм зээрд шонхор (Falco naumanni), 1 талын жиргэмэл (Calandrella brachydactyla), 4 Хондон ангир харсан ба 12 Хон хэрээ сүрэглэн нисэж байв. Бид 14:40 тэндээсээ хөдлөн Өргөн сумын төвд 17:20-д ирсэн. Сумын төвд хээрийн боршувуу, оронгийн боршувуу, хадны боршуу, улаанхушуут жунгаа, алаг шаазгай, алагтуу хэрээ, хөхвөр тагтаа харсан. 18 цагийн үед хойд зүгийг чиглэн 9 цахлай сумын баруун дээгүүр нисэн өнгөрсөн ба зүйлийг нь тодорхойлж чадсангүй.
 
Харсан шувууд:
1.      Цөлийн чогчиго(Oenanthe deserti) - 6
2.      Бүжимч чогчиго (Oenanthe isabellina) - 2
3.      Үхэр цахлай (Larus mongolicus) - 1
4.      Хондон ангир (Tadorna ferruginea) - 6
5.      Зэрлэг нугас (Anas platyrhynchos) - 1
6.      Хөх цэгцгий (Motacilla alba) - 1
7.      Хималайн хажир (Gyps himalayensis) - 1
8.      Нөмрөг тас (Aegypius monachus) - 2
9.      Зээрд шонхор (Falco naumanni) - 1
10.  Монгол ногтруу (Syrrhaptes paradoxus) - >50
11.  Талын жиргэмэл (Calandrella brachydactyla) - 1
12.  Шоорон эвэртболжмор (Eremophila alpestris) - >100
13.  Хон хэрээ (Corvus corax) - 16
14.  Алагтуу хэрээ (Corvus dauurica) - 1
15.  Алаг шаазгай (Pica pica) - 2
16.  Улаанхушуут жунгаа (Pyrrhocorax pyrrhocorax) - 3
17.  Хөхвөр тагтаа (Columba livia) - 18
18.  Хээрийн боршувуу (Passer montanus)
19.  Оронгийн боршувуу (Passer domesticus) -  >50
20.  Хадны боршуу (Petronia petronia) – 1
Цоохор хонин гүрвэл
Аялалын гишүүд
Аяллын бүрэлдэхүүнд МУИС-ийн магистрант Ү.Төвшин, Б.Соронзонболд, Түвшинтөгс, МУИС-ийн оюутан С. Цогоо, А. Мягмарсүрэн, С.Түвшинзаяа, ЭМШУИС-ийн оюутан Б. Баянзул нар явав. Ингээд бид 14-ны орой 21:34цагийн галт тэргэнд суун маргааш өглөө нь09:25цагт Улаанбаатар хот орсоноор аялал маань өндөрлөсөн. Нүүдлийн шувуудын олон зүйлийг олон тоогоор харна гэж төлөвлөсөн ч харьцангуй цөөн зүйл харсан боловч аялал маань саад багатай сайхан боллоо.Бидний аяллыг дэмжиж дуран, телескопоор хангаж өгсөн Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, мөн дэмжиж ажилладаг Шувуу ажишлагчдын клубт баярлаж талархдагаа энэ дашрамд илэрхийлж байна. Мөн бидний аялалд гүнээ тусалсан Ш. Амарбилэгтээ баярласанаа багийн нийт гишүүдийн өмнөөс уламжилж байна.

No comments:

Post a Comment