Monday, June 3, 2013

Ховор шувуудтай таарсан сайхан аялал боллоо (5 сарын 30)

Тэмдэглэлийг: Э.Болормөнх, Монголын шувуу ажиглагчдын клуб

Энэ өдөр нартай сайхан өглөө таарлаа. Хуягаа ах, Амархүү  бид 3 Ногоон нуур явж шувуу харахаар болов. Өглөө 7 цаг өнгөрөөгөөд нуурандаа ирсэн. Машинаа Төмөр замын гүүрний хажууд тавиад, шууд жижиг шувуудыг харахаар төмөр зам даган нуурын  зүүн талд хүрэхээр алхлаа. Биднийг төмөр замын гарамаас хөдлөх үед 1 ухаа дунхай Lanius cristatus хажуугийн шонгийн утас дээр сууж байгаатай таарав. Суурин жижиг шувууд энэ дунхааг өөрсдийнх нь эзэмшил орчимд байгаад их дургуй янзтай ийш тийш нисэлдэж байна. 
Ухаа дунхай Lanius cristatus (зургийг Г.Амархүү)
 үхэр цахлай Larus argentatus, зэрлэг нугас Anas platyrhynchos, хондон ангир Taodrna ferrugine, гэзэгт шумбуур Aythya fuligula, Эгэл хараалай Sterna hirundo зэрэг  шувуудыг олж харсан хэдий ч энэ удаа хэд байгааг нь тоолсонгүй шууд нуурын зүүн талын бургастай хэсэг рүү явсан. Нуурын урд хэсгээр тойрч яваад ганц хошуу галуу эргийн орчим байхтай таарсан, хэрвээ хосоороо бол нэг нь чухам хаана байгааг нь мэдэж чадаагүй, магадгүй хаана нэгтээ өндөгөө дараад хэвтэж байж мэдэх юм. Учир нь ноднин энд энэ зүйл галуу үүрлэж, 5 дэгдээхэйгээ амжилттай бойжуулсан юм. Бид нууранд байгаа энэ галууны талаар ярилцан явж байх зуур нуурын зүүн хэсэг дэх бургасан дундаас хос намгийн хулд Circus aeruginosus нисэв, энэ үед нууранд буй шувууд үргэн бужигнаж гарав. 
Намгийн хулд Circus aeruginosus (зургийг Г.Амархүү)
Эр нь их залуу шувуу байсан, нурууны дээд хэсэг, ялангуяа дал орчмын өнгө нь дөнгөж цайрч байгаа харагдсан, бие гүйцэхээрэээ эд нар ямар сайхан болдог гээч, сайхан шувуу даа. Ийнхүү биднийг нуурын зүүн талд ирэхэд Улаанхөлт хөгчүү Tringa totanus чанга чанга дуугарч, биднийг тойрон нисэж байв. Энэ нь шувууд үржлийн үедээ үүр, өндгөө мөн эзэмшил нутгаа хамгаалж байгаа зан төрх юм. Хөгчүүтэй нэгдэж шөвгөн хараалж Gallinago gallinago тэнгэрт маш өндөрөөс доош сунган онцгой содон дуу гарган шүхэрлэж эхлэв. 
Улаанхөлт хөгчүү Tringa totanus (зургийг Г.Амархүү)
Шөвгөн хараалж Gallinago gallinago (зургийг Г.Амархүү)
Бид голын жижиг гарам орчимд 1 эр шар элэгт хөмрөгтэй Emberiza aureola таарсан юм. Энэ зүйл хөмрөг бол Дэлхийн хэмжээнд ховордож байгаа зүйл. Нүүдлийн үед нь шар элэгттэй таарсандаа бид ч бөөн баяр болж зургийг нь гайгүй сайн дарсан шүү, үнэндээ бидний зүүн талд буюу наран талд маань гарчаад тун хэцүү байсан. 
Шар элэгт хөмрөг Emberiza aureola (зургийг Г.Амархүү)
Би утсандаа бараг л манай орны бүх л шувуудын дууг хураагаад авчихсан байсан учир шар элэгт хөмрөгийн дууг утаснаасаа дуугаруулж хөмрөгийг өөрсдийнхөө эргэн тойрноос холдуулахгүй байлгаж чадсан юм. Энэ завшаанаа ашиглаад хэд хэдэн гайгүй зургийг дарсан юм. Харин удалгүй нэмэгдэж 1 эр шувуу ирсэн боловч дахин харагдсангүй. Амархүү нуурын урд хэсгийг даган харирн Хуягаа ах бид 2 нуурын зүүн хэсгийг даган буцаж алхав. Гэтэл нуурын зүүн урд хэсэгт Бургасны уран шувууны Remiz pendulinus үүр харагдав. 
Бургасны уран шувууны Remiz pendulinus (зургийг Э.Болормөнх)
Хуягаа ах нэлээд ажиглаж байснаа, энд өмнө нь үүр байгаагүй, энэ үүрний амсар хэсэг нь дутуу байхыг бодоход энэ 2 үүрээ барьж хараахан дуусаагүй байна гэлээ. Бид 2 үүрний зураг болон шувуудын зургийг авчихаад удалгүй энэ орчмоос холдсон юм. Шувуудынхаа үүрлэж байхад саад болохыг хүссэнгүй. Ногоон нуураас хөдлөөд замаараа Хун нуураар оров. Хун нууранд хос хунгаас маань гадна отгот шунгуур, бор нугас, зэрлэг нугас, эгэл хараалай зэрэг шувууд цөм үүрлээд эхэлсэн, бүгд өндөгөө дараад завгүй байцгаасан. Бид нууранд хэдэн зураг дарчаад удалгүй Сонгино руу чиглэсэн юм. Сонгины зүүн энгэрт Туулын орчим 2 хар өрөвтастай Ciconia nigra таарсан. Их л үргэмтгий байсан, бас л олон улсад ховордож байгаа шувуу даа, манайд бас статус нь ховор ангилалд байдаг юм. Ховор шувуудтай таарах ч сайхан шүү. Бид Сонгино орчим нэлээд хэдэн сонирхолтой шувуудтай таарсан, нэг зүйл дуучшувуутай таарсан боловч хэн гэдгийг нь тодорхойлж чадахгүй байсаар алдсан даа. Модны оройд суучихаад харагдахгүй байсаар байгаад нисээд явчихсан. Энэ шувуунаас бусдыг нь таньж чадсан юм. 
Банхар булжуухай Cocothrausthes Cocothrausthes 
За Сонгины шувуудын талаар дараа блог дээр дэлгэрэнгүй нийтэлнээ, за амжилт манайхаан, шувуудын ид улирал нь болохоор хаашаа ч шувуу харахаар явсан сайхан болж дээ, миний тэмдэглэлийг уншсан таньд баярлалаа.