Tuesday, May 5, 2015

Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр -2015

Эрчим хүч- Түүнийг шувуудад ээлтэй байлгая!

Дэлхий нүүдлийн шувуудын өдөр (ДНШӨ)-ийг 2006 оноос эхлэн жил бүр дэлхийн олон улс орон өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн бөгөөд энэ өдөр нь нүүдлийн шувууд болон тэдгээрийн амьдрах орчныг хамгаалахад олон нийтийн мэдлэг, экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг шувуудаар дамжуулан байгаль орчноо хайрлан хамгаалахад татан оролцуулах зорилготой юм.


ДНШӨ нь жил бүр тодорхой уриан дор дэлхийн олон улс оронд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил “Эрчим хүч-Түүнийг шувуудад ээлтэй байлгая” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа.
Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Оюу Толгой ХХК-ний Байгаль орчны хэлтэс, зэрэг байгууллагууд жил бүр ДНШӨ-ийг зохион байгуулан тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн өдөрлөгийг 5-р сарын 1-2ы өдрүүдэд Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, иргэдтэй хамт тэмдэглэж өнгөрүүллээ.
 Энэ жилийн өдөрлөгийг Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Оюу толгой ХХК-ний Байгаль орчны хэлтэс зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж оролцсон. Мөн Nomadic Expeditions компани болон Экологийн боловсролын төв  дэмжиж оролцсонд гүн талархал илэрхийлэе. 
Уг өдөрлөгт Эрдэмтөгс бүрэн дунд сургуулийн 7-р ангийн хүүхдүүд мөн МУИС-ын харяа Байгал эх лицей сургуулийн 10-р ангийн хүүхдүүд оролцсон бөгөөд мөн шувуу сонирхогчид, ард иргэд идэвхтэй оролцсон.
Эхний өдөр буюу 5 сарын 1-нд тамхимын сургалт Экологийн боловсролын төвд болсон бөгөөд нүүдлийн шувууд болон дэлхийн шувуудын нүүдлийн томоохон замууд мөн Монгол орны нүүдлийн шувууд гэсэн сэдвээр МШУА-ын ЕСБХ-ийн Шувуу судлалын лаброторын эрхлэгч Доктор Н.Цэвээнмядаг илтгэл танилцуулсан. 

Үүний дараа Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Доктор Б.Нямбаяр Эрчим хүч түүний шувуудад үзүүлж буй сөрөг нөлөө ба хамгааллын асуудлууд гэсэн сонирхолтой  илтгэл танилцуулсан.
Мөн Өвөгт тогорууны амьдрах орчин ба нүүлийн замын талаар Японы NHK телевизийн хийсэн баримтат киног сонирхуулсан.

Танхимын сургалтын дараа Оюу толгой ХХК-ний байгаль орчны хэлтэсийн зэрлэг амьтны судалгааны ахлах ажилтан Ц. Пүрэвсүрэнгийн ‘’Ханбогдын шувууд номыг оролцогчдод дурсгасан. Мөн энэ үеэр Монгол орны нүүдлийн шувууд фото зургийн үзэсгэлэн болж өнгөрсөн.

Өдөрлөгийн 2 дахь өдөр буюу 5 сарын 2-нд Улаанбаатар хотод байх Ногоон нууранд очиж шувуу ажигласан бөгөөд энэ үеэр Хүүхдүүдэд хоёр нүдний дуран, Яндан дуран хэрхэн ашиглах мөн шувуу ажиглахад анхаарах зүйлс зэрэг сургалт болсон.
Нийт 70 орчим зүйлийн шувууд бүртгэсэн бөгөөд Хүүхдүүдийн хамгийн сонирхож байсан шувууд нь Өвөгт тогоруу болон Хошуу галуу байв. 
Энэ өдрийн цаг агаар шувуу ажиглахад таатай бус байсан ч өдөрлөгт оролцогчид олон зүйл шувуу харсандаа сэтгэл хангалуун байв.

ДНШӨ-ийг  тохиолдуулан нүүдлийн шувууны зурагтай богино цамц хийж оролцсон бүх хүмүүсд өгсөн.